Автозамын бөглөрөлтэй зохицох арга


Зам засварын ажил ихэссэнтэй холбоотой хаа сайгүй бөглөрөл үүсэж, энэ нь энэ зуны хэт халуунтай нийлэн, удаан бөглөрснөөс үүдэн жолооч нар бухимдах, ажил төрлөө алдах нь хэрээс хэтэрч байгаа тул энэ сэдэвийг сонгон авлаа. Өнөөдрийн их хотын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин машинтай хүний амьдралыг замын бөглөрөл, соёлгүй жолооч нарын бүдүүлэг авир, эвдэрсэн замгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.
            Бөглөрөл, бүдүүлэг авир, эвдэрхий зам нь ямар ч жолоочийг маш хүнд стресст оруулдаг зүйл. Энэ стрессийг тайлж сурах нь жолооч, цаашилбал явган зорчигчийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болоод байна. Юуны өмнө стресс гэдэг орчин үеийн амьдралын, тэр тусам жолоо барьж байгаа хүний салшгүй хэсэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
            Тиймээс цаашид жолооны курсууд жолооч нар бэлдэхдээ автозамын бөглөрлийн үед хэрхэн биеэ авч явах, үүнээс болж стрессдсэн үед стрессээс хэрхэн гарах тухай, мөн жолооч хоорондын харилцаа, явган зорчигч нарт хүндэтгэл үзүүлэх тухай зэрэг нийгэм сэтгэлзүйн чанартай хичээлүүдийг нийгмийн хариуцлагын түвшинд авч үзэн албан ёсоор орж байвал хүний эрдэнэт амь сүйдэх, бөглөрөл түгжээ багасах, жолооч нар бие биенээ хүндэлж, зохицож харьцсанаар стрессийн түвшин буурах зэрэг сайн талтай юм.
            Ер нь  стрессээс зайлсхийх бус харин урьдчилан төлөвлөж, хэт стресст орсон үедээ тайлж сурах хэрэгтэй. Учир нь анхнаасаа хот төлөвлөлтийн олон жилийн стратеги бодлого байгаагүйтэй холбоотой тавигдсан нарийн замууд, зам өргөсгөх сайжруулах, шинэ зам тавихтай холбоотой дулааны улиралд үүсдэг зам засварын ажилтай холбоотой бөглөрөлийн асуудал ойрын жилүүдэд хүссэн ч хүсээгүй ч байсаар байх болно.
            Тиймээс жолооч нар энэ асуудалд хүлээцтэй хандаж, энэ асуудлаас хэрхэн зайлсхийх, зайлсхийж чадаагүй тохиолдолд хэрхэн стрессдэхгүй байх талаар суралцах нь тулгамдсан асуудал болоод байна. Одоо жолооч нартаа стрессээс өөрийгөө хамгаалж болох хэд хэдэн аргуудаас толилуулья.
•         Бөглөрөл үүсэх эрсдэл хамгийн бага байдаг цагуудад замд гарах. Бөглөрөл хамгийн бага байдаг тэр бүр хүн мэддэггүй туслах замууд, тэдгээрт хүрэх маршруутаа урьдчилан судлаад бөглөөтэй үед ашиглах.
•         Харин яалт ч үгүй дээр дурдагдсан шалтгааны улмаас бухимдаж, стресст орсон бол тамхи татаж тайлах гэсний хэрэггүй гэж сэтгэл зүйчид үзэж байна. Учир нь тэртээ тэргүй олон арван машин бөөгнөрч хортой утаагаар эргэн тойрноо бохирдуулж байхад дээр нь тамхины утаагаар нэмж хордуулах хэрэггүй.
•         Ганцаар явж байгаа бол суудлаа цохиод авч болно. Ингэснээр стрессийн үед үүсдэг булчингийн чангарлыг суллана, өөрийгөө суудлаа балбаж байгааг хөндлөгийн хүний нүдээр харж төсөөлбөл инээд хүрэх нь гарцаагүй.
•         Харин инээд бол стресс тайлах хамгийн шилдэг аргуудын нэг. Стресст орох үед хүний амьсгалын давтамж аяндаа нэмэгддэг. Иймд бөглөрөл нэлээд удах янзтай бол нүдээ анин амьсгалынхаа давтамж дээр анхаарлаа төвлөрүүлэн аажмаар удаан, тайван болгох хэрэгтэй.
•         Бөглөрөлтөнд орж гацсан үед тайван байх нь хамгийн чухал. Радио, хөгжим сонс. Хурдлан давхих үед тэр бүр чухал зүйлийн талаар таатай эргэцүүлэн бодох завдал олддоггүй шүү дээ. Тэгэхээр өчигдөр амжуулсан ажил, өнөөдөр амжуулах гэж байгаа ажлынхаа талаар сайтар бод. Олдож байгаа цагийг бухимдаж уурлахын оронд өөртөө ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй.
•         Таны эргэн тойронд болж байгаа бүхнийг огт хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. Яг зурагтын нэвтрүүлэг, эсвэл баримтат кино үзэж байгаа мэт.
Мөн эелдэг, бусдыг хүндлэх энгийн дүрмийн дагах мэдрэлийн энергээ хадгалахад чухал үүрэгтэйг санаж байх хэрэгтэй.
•         Хамгийн наад нь зах нь бусад жолооч нар өөрт чинь яаж хандаасай гэж хүсдэг вэ яг тийм байдлаар тэдэнтэй харьц. Бусад жолооч, явган зорчигчдод ойлгомжтой үйлдэл хийж байх хэрэгтэй. Бусдын гаргасан алдаанд хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Өөгүй хүн гэж байхгүй гэдгийг сана.
Эгнээгээ солих, эсвэл түрж орж ирэх гэсэн жолооч нарт зам тавиад өгчихөд буруудах зүйлгүй. Нэг ч гэсэн хүнээс бага ч гэсэн талархсан дохио авна гэдэг ямар ч байсан сайн зүйл.
•         Зам удаан гарч байгаа явган зорчигч, улаан гэрэл, том оврын машин, замын бартаа зэрэг зүйлсэд бухимдаж уурлах хэрэггүй. Цас, эсвэл бороо орлоо гэж мянга уурлаад зогсоож чадахгүйтэй адил энэ бүхэнд тайван, ойлгоцтой хандвал мэдрэлийнхээ хэд гурван эсийг үхүүлэлгүй үлдээж өөртөө буян үйлдсэн хэрэг болно.
•         Стрессгүй, аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг жолооч нарын уралдаан бус харин хамтын ажиллагаа байх ёстойг мартаж болохгүй.
Зам тавьж өгсөн, ямар нэг зүйл анхааруулсан жолоочид гар өргөн талархал илэрхийлж байхаа бүү март. Мөн уурандаа хэзээ ч бүү сигналдаж байгаарай.
•         Мөн air con-ээ ажиллуулах, ажилладаггүй бол засуулах хэрэгтэй, учир нь энэ зуны халууныг air con- гүйгээр төсөөлөхөд бэрх юм.
•         Ажил хөөцөлдөх бол замын түгжрэлийг урьчдилан тооцоолж, цагаа зөв тооцоолох. Ойрхон газар аль болох машин хэрэглэхгүй байх зэргийг бодолцох хэрэгтэй. Та энэ хэдэн зөвлөгөөг дагаад үзвэл энэ зуны халуун, бас хэт бөглөрөлийг арай л эрсдэл багатай туулахаас гадна бусад хүмүүс, жолооч нартай ч гэсэн тус болж байгаа хэрэг юм. Та бүхэндээ бага стресс, бага бөглөрөлийг хүсэн ерөөе.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats